Медимпекс Интернэшнл ХХК, Ач Анагаах Ухааны Их Сургуультай хамтран Дурангийн сургалтын төв байгууллаа

Мед Импекс Интернэшнл ХХКомпани нь Япон улсын Олимпус Корпорацын дэмжлэгтэйгээр Ач Анагаах Ухааны Их Сургуультай хамтран Дурангийн сургалтын төвийг байгуулж, албан ёсны нээлтээ хийлээ. Тус төв нь OLYMPUS брендийн хамгийн сүүлийн үеийн EVIS X1 загварын дурангийн иж бүрдлээр тоноглогдсон бөгөөд уян дурангийн эмч нарын мэргэшүүлэх сургалтуудыг тогтмол зохион байгуулах зорилготой.

Хамтран үүсгэн байгуулж буй Ач Анагаах Ухааны Их Сургууль нь 1998 онд байгуулагдсан бөгөөд нотолгоонд суурилсан АУ-ны боловсрол, эмнэлзүйн дадлагыг хослуулсан бүтцээрээ онцлогтой бөгөөд 2022 онд шинээр үүсгэн байгуулсан Ач Интернэшнл Эмнэлэгийн хувьд орчин үеийн оношилгоо эмчилгээ, мэс заслын хүчин чадал, дэвшилтэт тоног төхөөрөмжийг хэрэглээг нэвтрүүлж чадсанаараа давуу талтай юм.

Энэхүү Дурангийн сургалтын төв нь Японы улсын Олимпус Корпорацын  OLYMPUS брэндийн дэмжлэг, Мед Импекс Интернэшнл ХХК-ийн технологи хөрөнгө оруулалт/санхүүгийн дэмжлэг, Ач Анагаах Ухааны Их Сургуулийн сургалтын бааз, арвин туршлага болон Монголын дурангийн нарийн мэргэжлийн эмч нарын мэргэжлийн чадвараа дээшлүүлэх хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэлийн хамтын ажиллагааны үр дүнд бий болсон.

Мед Импекс Интернэшнл ХХК нь Монголын эмнэлгийн тоног төхөөрөмжийн салбарт 22 жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж буй бөгөөд Япон улсын Олимпус  брендийн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр 2005 оноос хойш ажиллаж байна. Олимпус Корпораци нь уян болон хатуу дуран үйлдвэрлэгч 100 гаруй жилийн түүхтэй Дэлхийн тэргүүлэгч компаниудын нэг юм. Байгууллагууд нь хамтын ажиллагааны хүрээндээ дурангийн эмч нарын сургалт, мэргэшүүлэх асуудалд онцгой анхаарч ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийтдээ 30 гаруй Монгол эмч нарыг Япон улсын их сургуулийн эмнэлгүүдэд сургах дадлагжуулах ажлыг зохион байгуулаад байна. Мөн Мед Импекс Интернэшнл ХХК нь 2008 оноос хойш жил бүр ANBIG (Ази дах Шинэ Биодүрслэл Интервенцийн Групп), Японы Хоол Боловсруулах Дурангийн Нийгэмлэг,  Монголын Хоол Боловсруулах Дурангийн Нийгэмлэгүүдтэй хамтран дурангийн эмч нарт зориулсан гадаад, дотоод профессоруудын лекц, гардан сургалтуудыг тогтмол  зохион байгуулж уламжлал болгосон ба жил бүр шинэ технологи танилцуулж мэдээ мэдээлэлийг эмч нарт түгээдэг байна.

2022 оноос  Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулж эхэлсэн нийт хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, Эрт илрүүлгийн шинжилгээний үр дүнгээс харахад хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл нийт өвчлөлийн бүтцээрээ хоёрдугаарт бичигдэж байна. 2024 оны байдлаар улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 1,549,479 хүн хамрагдаж, эрт илрүүлгээр хавдартай 371 хүнийг илрүүлжээ. Үүнээс ходоод, элэг, улаан хоолойн, бөөрний хавдрын өвчлөл зонхилон давамгайлсан байна. Өнөөдрийн байдлаар нийтдээ 250 орчим дурангийн эмч улсын хэмжээнд ажиллаж байгаа боловч энэ нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хавдарын эрт илрүүлэгт дурангийн эмч нарын хүрэлцээ, тоног төхөөрөмжийн хангамжийн асуудал хангалттай биш, шийдвэрлэх асуудлын нэг байсаар байна.

Тиймээс уг сургалтын төв нь салбарын орчин үеийн оношилгоо-эмчилгээний чанарыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажлуудыг өргөжүүлэх, дурангийн ахисан шатны эмч мэргэжилтэн бэлдэх зэрэг үйл ажиллагаанд чухал хөрөнгө оруулалт болж байна. Энэ нь эцсийн дүндээ өвчтөнд хүрэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр болж чадна.

Шинэхэн нээлтээ хийж буй уг төв нь  ирэх жилүүдэд тасралтгүй, чанартай сургалт, дадлага зохион байгуулж, дурангийн оношилгоог боловсронгүй болгох, шинэ дэвшилтэт эмчилгээний аргуудыг нутагшуулах их үйлсэд чухал хөдөлгөх хүч нь болно гэдэгт итгэлтэй байна.

Хүндэтгэсэн

Т.Отгонтуяа

Гүйцэтгэх захирал

Медимпекс Интернэшнл ХХК