Химийн лабораторийн ирээдүйн мэргэжилтнүүдийг “Лабораторийн шинжилгээний орчин үеийн багажууд ба түүний хэрэглээ-2016” эрдэм шинжилгээний хуралд урьж байна.

Хими, микробиологи, молекул биологийн лабораторийн шинжилгээ, судалгааны салбарт задлан шинжилгээний орчин үеийн технологийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүд нэвтрэхийн хэрээр тэдгээр тоног төхөөрөмжийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах, тэдгээрийн найдвартай ажиллагааг хангах, хүртээмж хүрэлцээг нэмэгдүүлэх гэх зэрэг асуудлууд лабораторийн салбарынхны дунд тулгамдсан асуудлын нэг байдаг.

Ялангуяа сүүлийн үед дотоод гадаадын байгууллага, төр засаг, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар химийн шинжилгээний лабораторийн хүчин чадлыг сайжруулах, хэрэглээг олон улсын түвшинд хүргэх тал дээр нилээн дорвитой ажлууд хийж байгаатай уялдуулан улсын болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудаас бэлтгэн гаргадаг мэргэжилтний хүрэлцээг нэмэгдүүлэх, чадавхийг сайжруулах шаардлага жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь нэн сайшаалтай байна. Үүнтэй уялдуулан лабораторийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх байгууллагууд бид бүхний хувьд дэлхийн нэр хүнд бүхий брэнд компаниудын төлөөлөл болж байгаагийн хувьд өөрсдийн мэргэжилтэн, инженерүүдийг сургалтанд хамруулан сертификаттай инженер бэлтгэн энэ салбартаа оюуны хөрөнгө оруулалт хийж ирсэн бөгөөд мөн нийгмийн хариуцлагын хүрээнд нилээн ажлуудыг, ялангуяа хэрэглэгчдийн мэдлэг чадавхийг дээшлүүлэх чиглэлээр ажилласаар ирлээ.

Бид 2015 оноос эхлэн эрдэм шинжилгээний хурлыг хими болон задлан шинжилгээний чиглэлээр суралцаж буй оюутнууд, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж буй магистрантуудын дунд 2 ангиллаар “Лабораторийн шинжилгээний орчин үеийн багажууд ба түүний хэрэглээ” эрдэм шинжилгээний хурал болон уралдааныг зохион байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд химийн салбарын магистрантууд болон оюутнуудыг манай урьж байна.

Бидний зохион байгуулж байгаа энэхүү ажлын зорилго нь лабораторийн салбарт ажиллах хими, технологийн мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, хөгжүүлэх, бие биедээ харилцан мэдээлэл солилцох, шинэ техник технологийг эх орондоо нэвтрүүлэн, хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэ бүтээлийг дэмжих зэрэгт оршино.