Япон улсын Ходоод гэдэсний замын хавдар судлал, эмгэг судлалын эмч нар онолын болон гардан ур чадвар олгох хосолсон сургалт зохион байгууллаа.

Монгол Улс нэг хүнд ногдох ходоодны хавдрын тоогоор дэлхийд хоёрдугаарт жагсаж байгаа гэх харамсмаар мэдээ бий. Гурван сая иргэнтэй манай улсад жилд 600-800 орчим хүн ходоодны хорт хавдраар оношлогдож буй дүн гарчээ. Тэдгээрийн дийлэнх буюу 85 орчим хувь нь хорт хавдрын хожуу шат болох III, IV үедээ оношлогдож байна. Улмаар тэдний 70 гаруй хувь нь хорт хавдраар өвчилснөө мэдсэнээс хойш ердөө нэг жил амьдардаг аж. Үхлийн шалтгаант энэ өвчин 50-60 насны хүмүүст тохиолддог байсан бол сүүлийн жилүүдэд 20 гаруй настай залуус ч хорт хавдраар шаналах болжээ.

Тэгвэл Монгол Улсад гурав дахь удаагаа уян дурангийн эмч нарт зориулан “Ходоод гэдэсний эмгэг, тэдгээрийн дурангийн оношлогоо” сэдэвт нарийн мэргэжлийн эмч нарын ахисан түвшний сургалтыг өнгөрсөн Пүрэв, Баасан гаригт Улаанбаатар Сонгодо эмнэлэгт зохион байгууллаа. “Медимпекс Интернэйшнл” компанийн санаачилсан, Японы “Olympus”, ANBIG (Asian Narrow banding imaging group)-ын дэмжлэгтэйгээр, Монголын Гастроэнтерологийн холбоо, Улаанбаатар Сонгдо эмнэлэг хамтран зохион байгуулсан тус сургалтад 45 орчим эмч хамрагдсан юм. Энэ үеэр тэдэнд улаан хоолой, ходоод, бүдүүн гэдэсний дурангийн оношилгоонд NBI (ялгасан гэрлийн дүрслэл) технологийг хэрхэн үр дүнтэй ашиглах, уян дурангаар салст хуулах эмчилгээ, цус тогтоох аргачлалыг бодитоор үзүүлэн, гардан хийх ур чадвар олгох сургалт хийлээ.

Тус сургалтыг Осакагийн Анагаахын төвийн Ходоод гэдэсний замын хавдар судлалын тасгийн орлогч захирал, доктор Норияа Уэдо, Саппоро Коусэй Эмнэлэгийн Эмгэг судлалын тэнхимийн эмч Шин Ичихара болон “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Дурангийн оношилгоо, эмчилгээний тасгийн эрхлэгч, доктор А.Баттулга нар удирдан явуулсан. Уг сургалтын гол зорилго уян дурангийн тусламжтайгаар хийх боломжтой олон улсад нэвтрээд буй төрөл бүрийн мэс ажилбаруудыг практикт нэвтрүүлэх, туршлага хуваалцах, эмч нарыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахад оршиж байгаа юм. Сургалт Монгол улсад 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн онцлог нь уян дурангийн эмч нараас гадна эмгэг судлалын эмч нарыг хамруулж илүү өргөн хүрээний сургалт болж байгаагаараа онцлог юм.

Хоол боловсруулах эрхтний өвчний оношилгоо эмчилгээнд уян дурангийн арга нь тэргүүлэх ач холбогдолтой аж. Дэлхий дахинд уян дурангийн тоног төхөөрөмж шинэчлэгдэн хөгжиж видео дуран, 100 дахин өсгөгч микроскоптой дуран, хэт авиат уян дуран, рентген шинжилгээтэй хавсарсан цөс нойр булчирхай сэтгүүрдэх, дурангийн мэс заслын багажууд сайжирч эмнэл зүйн практикт уян дуран, хэт авиат уян дуранг хэрэглэх болсноор хоол боловсруулах эрхтний эмгэгүүдийн шалтгаан, үе шатыг тогтоох, хорт хавдар болон зарим өвчнийг эрт үед дурангийн аргаар илрүүлж эмчлэх, үйлчлүүлэгчийн амьдралын чанарыг сайжруулахад шинэ эргэлт болж буй нь сайн хэрэг.

Уян дурангийн технологийн дэвшил NBI буюу ялгасан гэрлийн дүрслэл нь Олимпус фирмийн дуранд байдаг ба шинжилгээнд ашиглахад эмгэг өөрчлөлтийг илүү нарийвчлалтай тодруулж, эрт үеийн хавдрын судасны гаж хөгжлийг илрүүлэн, улмаар эрт үед нь оношлох боломжийг нэмэгдүүлдэг давуу талтай юм байна. Энгийнээр хэлбэл, хүний ходоод дөрвөн давхартай байдгийг эмч нар тайлбарлав. Хэрэв ходоодны хорт хавдрыг эрт үед нь буюу хамгийн өнгөц давхаргад бага хэмжээтэй байхад нь илрүүлж чадвал дурангийн тусламжтайгаар авч болдог байна. Ингэснээр эмчилгээ хийлгэх, цаашлаад амь насаа алдахаас сэргийлэх бүрэн боломжтой.

Дээрх сургалтыг санаачлан, зохион байгуулсан “Медимпекс интернэйшнл” нь 2005 оноос Япон улсын дуран үйлдвэрлэгч “Olympus” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм. Тус компани Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд салбарынхаа эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэхэд зориулан тогтмол сургалт, семинар зохион байгуулж ирсэн туршлагатай бөгөөд олон улсад нэвтрээд буй төрөл бүрийн мэс ажилбаруудыг манай улсын практикт нэвтрүүлэх, туршлага хуваалцах, эмч нарыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахад энэ сургалтын хамтран зохион байгуулж байгаа зорилго оршиж байгаа юм.

Сургалтын төгсгөлд Осакагийн Анагаахын төвийн Ходоод гэдэсний замын хавдар судлалын тасгийн орлогч захирал, доктор Норияа Уэдо “Энэ удаагийн сургалт нь урьд болсон сургалтуудаас нилээд өргөн хүрээтэй болж байна. Сургалт мань нийт хоёр өдөр болж байгаа бөгөөд сургалтын хоёр дахь өдөр нь эмч мэргэжилтнүүдэд гардан сургалт зохион байгуулснаар зогсохгүй Монгол улсад төдийгүй Ази тивд сургалтын үеэр уян дуран ашиглан хагалгаа хийж түүнийгээ шууд дамжуулсан нь их онцлог байлаа” гэдгийг онцолсон юм.