Хеликобактерийн тархалтыг тогтоох судалгааг дэмжин ажиллаж байна.

Монголын хүн амын дунд “Ходоодны хавдрын урьдал өвчнийг илрүүлэх болон Хеликобактерийн тархалтыг тогтоох” зорилготой судалгаанд Монголын дурангийн мэргэжилтнүүд Японы судлаачидтай 3 дахь жилдээ хамтран ажиллаж байна. Өмнөх онуудад судалгааг баруун болон төвийн бүсийн хүн амыг төлөөлүүлэн Увс, Хөвсгөл, Улаанбаатарт хийсэн бөгөөд энэхүү судалгааны онцлог нь хавдрын урьдал өвчнүүд, хеликобактерийн онцлог, генийн түвшний шинжилгээ байдаг бөгөөд бусад орны үзүүлэлттэй харьцуулах, хоруу чанарыг тодорхойлох зэргээрээ өндөр ач холбогдолтой юм.

Манай компани энэхүү судалгааны ажилд Японы Олимпус брэндийн EVIS EXERA II уян дурангийн иж бүрэн төхөөрөмж болон дурангийн мэргэжлийн инженерийн үйлчилгээгээр дэмжин ажиллаж байна.

2016 оны судалгааг 8-р сарын 1 – 14-ны хооронд Японы талаас Хеликобактер судлаач Проф. Yoshio Yamaoka болон Монголын дурангийн эмч мэргэжилтнүүдийн нийгэмлэгийн эмч нарын 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хамтран Хэнтий, Өмнөговь аймагт үргэлжлүүллээ. Судалгаанд оролцогчид нь манай орны зүүн болон өмнөд бүсийн хүн амын төлөөлөл 300 гаруй хүнд үнэ төлбөргүй урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоо байдлаар хийгдсэн бөгөөд ходоодны хавдар, шарх болон бусад төрлийн эмгэг өөрчлөлттэй иргэдийг оношилж, зөвлөгөө өгсөн.
Нийгэмлэгийн зүгээс судалгааны үеэр тухайн орон нутгийн эмч нарт ажлын байран дээр нь онолын болон гардан үйлдлийн ур чадвар олгох сургалтыг зохион байгуулдаг.