SAMSUNG HEALTHCARE SYMPOSIUM – 2018 амжилттай болж өнгөрлөө.

Технологийн дэвшлийг Монголд уриатай Медимпекс компаний хамт олон энэ онд 15 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлж буй бөгөөд 2018 онд хэрэглэгчиддээ зориулсан олон арга хэмжээ төлөвлөөд байгаагийн нэг нь эрүүл мэндийн салбарын хэрэглэгчиддээ зориулсан эхо аппарат тэр дундаа ургийн оношлогооны орчин үеийн чиг хандлагын талаарх сургалт байлаа.

БНСУ-ын хэт авиан оношлогооны аппарат үйлдвэрлэгч Самсунг Медисон компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн хамтын ажиллагааныхаа хамгийн анхны үйл ажиллагааг салбарын эмч мэргэжилтнүүдийнхээ мэргэжлийн ур чадвар сайжруулахад зориулан сургалт, семинараар эхэлж байгаа бөгөөд 2018.03.28-нд энэхүү сургалт болж өнгөрлөө.  

 

Самсунг Медисон брэндийн эхо аппаратууд нь Монголын эмч нарын тэргүүлэх сонголт, нийт эмч нарын 76%-д ашиглагдаж буй гэдгээрээ эмч мэргэжилтнүүдэд танигдсан, хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн брэнд юм. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Анагаахын сургуулийн багш нарын лекц сургалт, дадлага зэрэг нарийн мэргэжлийн эхоны эмч нарын ахисан түвшний сургалтын хөтөлбөрт хэвлийн, жирэмсний үеийн, хөхний, зүрхний оношлогооны аргачлалыг лекцийн болон дадлага байдлаар үзүүлэх, гардан хийх ур чадвар олгох сургалтууд багтсан.

Манай улсын хувьд хотжилт, хөрс агаарын бохирдол, халдварт вирус болон бусад архаг өвчнүүд, эмийн бодисын замбараагүй хэрэглээ, эхийн витамин тэжээлийн бодисын дутагдал, хорт зуршил гэх мэт олон хүчин зүйлийн сөрөг нөлөөний улмаас 1000 амьд төрсөн нярайд тохиолдох төрөлхийн гажгуудын тоо өссөөр байна. Өнөөдөр болж өнгөрсөн энэхүү сургалтаар Самсунг брэндийн эмнэлзүйн мэргэжилтнүүдийн хэт авиан оношлогооны шинэ технологиуд, тэдгээрийг хэрэглээг танилцуулсан лекц, дадлага нь  эмч нарын сонирхлыг татсан орчин үеийн ололтууд байлаа.

Тухайлбал эхо оношлогоогоор дутуу төрөлтийг эрт илрүүлэх E-cervix, өндгөвчний хавдрын үе шатыг тодорхойлох, илрүүлэх IOTA-ADNEX, элэгний хатуурлын оношлогооны S-shearwave зэрэг программууд нь Самсунг брэндийн шинэ технологиуд бөгөөд эдгээр ололтыг практикт нэвтрүүлэх нь манай оронд тулгамдаж байгаа олон өвчнийг өвчтөнд эрсдэл үүсэхээс өмнө эрт илрүүлэх боломжтой талаар эмч мэргэжилтнүүд саналаа өгч байлаа.

Медимпекс Интернэшнл компаний хувьд 2003 онд эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, тавилга импортлох чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлснээс хойш эрүүл мэнд, аналитик лаборатори, боловсролын салбарын шинэчлэлт өөрчлөлт хийхэд идэвхтэй оролцон, орчин үеийн шинэ техник технологи бүхий цогц шийдэл боловсруулах, түүнийг нэвтрүүлэхэд түлхүү анхаарч, салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа ханган нийлүүлэгч компани юм.

Эрүүл мэнд, лабораторийн салбарын бүхий л чиглэлд өргөн цар хүрээгээр үйл ажиллагаа явуулж байгаа хамт олны онцлог давуу тал нь тоног төхөөрөмж нийлүүлэх, худалдаалах, суурилуулах, туршилт, тохируулгын ажлыг гүйцэтгэх, сургалт зохион байгуулах зэрэг олон төрлийн үйлчилгээг хэрэглэгчдэд цогц байдлаар санал болгодог, өөрийн үйл ажиллагаандаа чанарыг байнга эрхэмлэж, технологийн дэвшлийг нэвтрүүлэхийг зорьж ажилладаг хамт олон юм.