ШУТИС-ийн Хүнс судлал эрдэм шинжилгээний төвтэй хамтран сургалт зохион байгууллаа

Манай компани ШУТИС-ийн Хүнс судлал эрдэм шинжилгээний төвтэй хамтран Ахисан түвшний сургалтыг орчин үеийн лабораторитой хослуулан чадавхжуулах нь: Өндөр Идэвхит Шингэний Хроматограф (HPLC, Agilent, Infinity 1260), Атом Шингээлтийн Спектрометр (Agilent Technologies 200 seris AA) багажийн сургалт сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.

ШУТИС-ийн Хүнс Судлалын Эрдэм Шинжилгээний Төв нь Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамнаас Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй L2766-MON: Дээд Боловсролын Шинэчлэлийн Төслийн хүрээнд  “Дээд боловсролын сургалтын байгууллага ба үйлдвэрлэлийн  түншлэлийг хөгжүүлэх” өрсөлдөөнт тэтгэлэгт шалгарсан билээ.

Төслийн хүрээнд тус төв нь өөрийн үйл ажиллагаанд ашигладаг орчин үеийн өндөр мэдрэг тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, тэдгээрийг ажиллуулах дадлага сургалтыг ахисан түвшний судлаачдыг хамруулан зохион байгууллаа.

Сургалтын онолын болон дадлагын хичээлийг Медимпекс компанийн инженерүүд, ШУТИС-ийн Хүнс судлал эрдэм шинжилгээний төвийн эрдэм шинжилгээний ажилтнууд хамтран явуулсан юм.

Багш нарын танилцуулга

Овог нэр

Албан тушаал

Мэргэжил, боловсролын зэрэг

1

Г.Төрмөнх

ХСЭШТ-ийн захирал

Доктор, Ph.D

2

И.Цацрал

ХСЭШТ-ийн чанарын менежер

Эм зүйн магистр, ОУ аудитор, докторант

3

Г.Баттулга

ХСЭШТ-ийн ЭША

Эм зүйн магистр, докторант

4

Б.Ууганчимэг

ХСЭШТ-ийн ЭША

Биотехнологийн магистр, докторант

5

Н. Оюундэлгэр

Медимпекс компанийн захирал

Биологийн ухааны магистр

6

М. Батням

Медимпекс компанийн инженер

Техникийн ухааны магистр

7

Э. Батсайхан

Медимпекс компанийн инженер

Техникийн ухааны магистрант

Сургалтын зорилго нь Хүнс Судлалын Эрдэм Шинжилгээний Төвд ашиглагдаж буй орчин үеийн өндөр мэдрэг тоног төхөөрөмжүүдийн талаар мэдээлэл, мэдлэг өгөх, хамтарсан судалгаа, захиалгат шинжилгээ хийх байсан юм.

Дээрх зорилгын хүрээнд АНУ-ийн Agilent Technologies компанийн үйлдвэрлэсэн  Өндөр Идэвхит Шингэний Хроматограф (HPLC, Agilent, Infinity 1260), Атом Шингээлтийн Спектрометр (Agilent technologies 200 Seris AA) багаж дээр ажиллах аргын онолын үндэслэл, практик хэрэглээг сургалтанд оролцогчдод танилцуулж, заасан юм.

 

Сургалтанд химийн салбарын  улсын болон хувийн нийт 11 лабораторийн 17 химич, эрдэм шинжилгээний ажилтан, багш, мэргэжилтэнүүд амжилттай хамрагдаж, сертификатаа гардан авлаа. 

Сургалтанд оролцогчид сургалтын үр дүнг өндрөөр үнэлсэн бөгөөд цаашид энэ төрлийн сургалт зохион байгуулахад ач холбогдол өгч байгаагаа илэрхийлсэн. Сургалтад хамрагдсан хүмүүсийн сэтгэгдлээс дурьдвал.

Б. Мөнхцэцэг – Тэргүүлэх мэргэжилтэн, Эрдэнэт үйлдвэр ХХК.

Миний хувьд өмнө нь ийм төрлийн багажин дээр ажиллаж байгаагүй мөн ямар нэгэн сургалтанд хамрагдаж үзээгүй болохоор бүх мэдээлэл шинэ, сонирхолтой байлаа. Энэ сургалтанд сууснаар манайх шиг энэ төрлийн багажийг анх авч үзэж, ажиллуулах гэж байгаа газаруудад маш хэрэгтэй, ашиг тустай сургалт болж байна. Наад зах нь багажийг суурилуулах орчин нөхцөлөөс авахуулаад анхаарч судлах шаардлагатай маш их зүйл байдгийг мэдэж авч байна.

Л. Нямсүх – Лабораторийн эрхлэгч, Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори

Энэхүү 2 өдрийн сургалт нь манай салбарын химич, мэргэжилтнүүдийн хувьд зөв зүйтэй, нүдээ олсон ашиг тустай сайхан сургалт болж байна. Энэ төрлийн сургалт нь орчин үед нийцсэн, олон хүмүүст хүртээмжтэй ялангуяа цааш нь лабораторийн мэргэжилтнүүдэд зайлшгүй явуулах шаардлагатай сургалт байгаа юм. Бидэн шиг ийм дэвшилт багаж ашиглаж буй мэргэжилтнүүдэд яг ямар багаж нь хэрэгтэй юм бэ, ямар программ, ламп ашиглах вэ гэх мэтээс авахуулаад эхний өдрийн онолын мэдлэг олгох сургалт нь маш хэрэгтэй байлаа. Дараа, дараагийн илүү ахисан түвшний сургалтанд ч бид хамрагдах хүсэлтэй байгаа. Мөн сургалт явуулсан Agilent брэндийн программ нь маш ойлгомжтой, энгийн хялбар санагдсан.

Б. Содномцэрэн – Биохимич, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

Манай орны хувьд энэ төрлийн сургалтыг явуулах боломж нөхцөл тааруу байдаг. Тиймдээ ч цаг үеэ мэдэрсэн сургалт болж байна гэсэн эерэг сэтгэгдэл төрж байна. Онолын болон дадлагын мэдээллийг олж авахад хугацааны хувьд богино санагдлаа. Цаашдаа энэ тал дээр анхаараасай гэж хүсч байна. Медимпекс компаниас  и-мэйлээр тогтмол ирдэг Agilent брэндтай холбоотой мэдээ, мэдээллүүд маш хэрэгтэй байдаг, тэндээс харьцуулах болон сурах зүйлс их байдаг.